Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 95 дахь удаагийн төгсөлтийн үйл ажиллагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо.​

                                                                                       ЗЭВСЭГТ ХҮЧИН ШИНЭ БОЛОВСОН ХҮЧНЭЭР БҮЛ НЭМЛЭЭ                                                                                                        Монгол Улсын мэргэжлийн боловсролын ууган их сургуулийн нэг, эгнээнээсээ олон арван баатруудыг төрөн гаргасан Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын ба Байлдааны болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт алдар түүхт дайчин замналтай ҮБХИС-ийн 95 дахь удаагийн төгсөлт нийслэл Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.                                                                                                    

     Энэхүү ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Хууль зүй дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тэргүүтэй ЕТГ, БХЯ, ХЗДХЯ, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд, Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдуудын удирдлагууд, ҮБХИС, ДХИС-ийн эрдэмтэн, багш, төгсөгчид болон тэдний ар гэрийнхэн оролцлоо. 

        Энэ үеэр сурлага хөдөлмөр, цэргийн алба, сахилга зохион байгуулалт, идэвх зүтгэлээрээ мөрдэс нэгт нөхдөө манлайлан сургуулиа онц дүнтэй дүүргэсэн цэргийн алба хаагчдад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч тусгайлан “Онцгойлох диплом”, энгэрийн тэмдэг, албан тушаалын зэрэглэлийн цолыг нь гардуулан өглөө. 

    ҮБХИС нь аюулгүй байдал, Батлан хамгаалахын болон цэрэг, иргэний боловсрол сургалт, судалгааг хэрэгжүүлэх, дээд боловсрол, шинжлэх ухаан, инновацын орон зайд тогтвортой өрсөлдөх чадварыг бий болгож, “Судалгааны их сургууль” болох замаар Батлан хамгаалахын боловсролын олон улсын жишиг их сургууль болох эрхэм зорилгыг дэвшүүлэн 104 дөх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.